“ГЭРЭЛТ МОРЬД” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛ ТОДОРЛОО
ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтарсан “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээлийг шалгарууллаа
Улаанбаатар хот, 2018 оны 09-р сарын 12 - ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, АНУ болон Монгол улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроу агсны нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2018 оны шилдэг уран бүтээлийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ нь МУЗ-ийн “Улаан гэр” уран зургийн галерейд хүндэт зочдын хамт зохион байгуулагдлаа. Шилдэг бүтээлийн эзэнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийншилдэг уран бүтээлийн шагналыг гардууллаа. Монголын соёл урлаг, уран зургийн гайхамшгийг дэлхийд сурталчилан таниулах, өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн цаашдын уран бүтээлийг дэмжих зорилготой тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2018 оны шилдэг уран бүтээлээр “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөний “Sprit and Soul” бүтээл шалгарчээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөнийг төлөөлөн уран бүтээлч Ж.Гантулга нь Нидерландын Вант улсын Хааг хотноо энэ сард зохион байгуулагдах дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг, Европын хамгийн том наадмуудын нэг болох “TodaysArt” наадамд оролцож, “Spirit and Soul” бүтээлээ танилцуулах эрхийг хүлээн авсан юм.
Мөн 2017 онд зохион байгуулагдсан анхны олон улсын “Гэрэлт морьд” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлч Б.Бат-эрдэнэ 2017 оны 9 сард Нидерландын Вант Улсад “TodaysArt” наадамд оролцож, “Тэнгэрт нэгэн удаа” видео инстоляци бүтээлээ амжилттай толилуулж байсан билээ. Харин энэ жил тэрээр TodaysArt наадмын захирлын урилгаар 2018 оны 10 сард Норвегийн Вант Улсад зохиогдох “Инсомниа” олон улсын наадамд уригдан оролцож, уран бүтээлээ дахин дэлхий дахинд толилуулах сайхан боломж бүрдээд байгаа юм.