Галерей бол гүүр

Энгийн үзэгчийн хувьд галерей нь дүрслэх урлагийн ертөнцтэй танилцах, хүртэх үүд нь болдог. Харин уран бүтээлчийн хувьд үзэсгэлэн гаргаж, үзэгчидтэйгээ харилцах төдийгүй бүтээлээ борлуулах орон зай нь юм. Гэвч галерейн үйл ажиллагааг үзэсгэлэн гаргаж, бүтээл худалдаалах төдийхнөөр төсөөлөх нь том эндүүрэл. Хэдий уран бүтээлчдийг урлаг сонирхогч, цуглуулагчидтай холбох нь галерейн гол үүрэг ч энэ нь хувь уран бүтээлч төдийгүй үндэстний урлагийг таниулах, зүг чигийг тодорхойлох, цаашилбал дэлхийн тавцанд гаргах чухал хөшүүрэг, холбох гүүр нь болдог аж.


Түүчээ: “Улаан гэр”-ийн нөлөөлөл

Монголын уран бүтээлчдэд үзэсгэлэн гаргах, олон нийтэд уран бүтээлээ толилуулах боломжийг олгох зорилготой анхны хараат бус “Улаан гэр” галерейг Монголын Урлагийн Зөвлөл 2003 онд үүсгэн байгуулсан байна. “Эргээд хархадМонголын эдийн засаг сайн, манай улсад аялах хүсэлтэй жуулчдын тоо нэмэгдэж, уран бүтээлчид шинэ бүтээл туурвих онгодоор бялхсан цаг үе байсан. Өөрөөр хэлбэл бид тухайн үеийн хэрэгцээ, орон зайг сайн мэдэрсний үндсэн дээр галерей маань үүсгэн байгуулагдсан гэсэн үг” хэмээн Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл яриагаа эхлүүллээ. Урлагийн салбар дахь түүний анхны төслүүдийн нэг нь “Улаан гэр” галерей байсан аж. Галерейн үйл ажиллагааг амжилттай эрхлэхийн нууц нь байршил ба тухайн салбарын тухай мэдлэг, ажилтны боловсрол, чин сэтгэл, ур чадвар гэдгийг тэрээр онцлохыг хүссэн. Монголоос уран зураг худалдан авагчдыг дотоодын урлагт дуртай, чинээлэг давхаргынхан болон урлагт дуртай Монголд ажиллаж, амьдарч буй гадаад иргэн, жуулчид үндсэндээ бүрдүүлдэг. Анх тус галерей Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд байрлаж байсан нь хамгийн сайн байрлалд тооцогдож байв.
2006 оноос эхлэн “Улаан гэр” галерейн хажуугаар “Чингис”, “Сувд, “Занаду” зэрэг шинэ хувийн галерейнууд үүд хаалгаа нээж эхэлсэн уран бүтээлчдийг дэмжих илүү их орон зайг бий болгов. “Уран бүтээлч хүн зургаа амжилттай олон өөр сувгаар борлуулан, санхүүгийн хувьд тогтвортой, санаа зовох зүйлгүй уран бүтээлээ туурвих нь чухал. Харамсалтай нь олон галерей нэг зэрэг байгуулагдсан нь уран бүтээлчдийн бүтээлийн чанар муудахад, үнийн харьцангуй тогтолцоо бий болоход ихээхэн нөлөөлсөн. Харин бид уран бүтээлчдийг чанартай уран бүтээл туурвихад нь дэмжихийг хүссэн.Иймээс бид “Улаан гэр” галерейгаараа дамжуулан жилдээ 2-3 уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж эхэлсэн юм” хэмээн О.Одгэрэл цааш ярилаа. Тэдний дэмжиж ирсэн Ж.Мөнхцэцэг, М.Эрдэнэбаяр, Ч.Хүрэлбаатар, А.Чадраабал, О.Энхтайван, Д.Батмөнх тэргүүт өдгөө хэдийнэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон уран бүтээлчид болсон нь “Улаан гэр”-н алсын хараа, зорилгынх нь баталгаа болох биз. Тус галерейн үйл ажиллагаа зөвхөн үзэсгэлэн зохион байгуулахаар хязгаарлагдахгүй. Хэдийгээр Хаан Банк-ны төв салбарт байрлалтай үзэсгэлэнгийн талбайгаа түр хаасан ч уран бүтээлчдийг дэмжих ажлаа зогсоолгүй урлангаар хангах хөтөлбөрөөр амжилттай үргэлжлүүлж байна. Энэ жилийн хувьд л гэхэд залуу уран бүтээлч Б.Баярцэнгэлийг энэхүү хөтөлбөртөө хамруулан үзэсгэлэнг нь зохион байгуулсан бол яг одоо монгол зургийг орчин үеийн аргатай сүлдгээрээ танигдсан Б.Баатарзоригийн томоохон хэмжээний бүтээлийг туурвих ажлыг нь дэмжиж байгаа юм байна. Цаашид энэ хөтөлбөр зөвхөн дүрслэх урлаг бус, харин бусад бүтээн туурвих бүхийл бүтээлч үйл явцыг дэмжихэд чиглэх гэнэ.



Орон зайн үүсэл, зогсолт ба боломжуудын эрэлд

“Галерейгаа анх нээгээд удаагүй байхад нэгэн залуу орж ирээд ийм ашигтай байрлалд эрхэлж болох олон ажил байхад үзэсгэлэн гаргасныг минь гайхан хүлээж авч билээ. Брэндийн хувцас оруулж ирдэг тэр залуу тэнд бараагаа борлуулах санал ч тавьсан нь хөгжилтэй хэрэг шүү" хэмээн Б.Жаргалан ярьсан юм. Тэрбээр Урт цагааны зүүн жигүүрт байрлаж байсан "Занаду" галерейг үүсгэн байгуулагч. Контемпорари урлагийн хүрээнд хэдийнэ танигдсан галерейг нээх болсон нь урлагт элэгтэй гэр бүлийн орчин болон дэлхийн урлагийн хотуудын нэг Нью-Йоркт суралцсантай нь холбоотой гэнэ. Тойрог бүтээлээрээ танигдсан Д.Батзориг (Базо), аргаль угалзын эврийг ашиглан бүтээл туурвидаг Д.Дорждэрэм, зураач Б.Орхонтуул нарын анхны үзэсгэлэнг зохион байгуулж, анх таниулсныг нь мэдэх юм. “Төгс мэдрэмжийн эрэлд” уралдааныг залуу уран бүтээлчдийн дунд гурван жил дараалан зохион байгуулж, шалгарсан хүмүүсийг урлангаар хангаж, үзэсгэлэнг нь тогтмол зохион байгуулж, дэмжиж ажилладаг байсан нь барууны галерейн ажиллах жишиг, шаардлагад ойртож ажиллах гэсэн хүслийг нь гүйцээсэн хэрэг аж. Б.Жаргалан хувийн шалтгаанаар галерейгаа хаасан ч, дахин нээх төлөвлөгөөтэй явдаг юм билээ.



Уран бүтээлчдийн хувьд галерейтай хамтран ажиллах харилцаа хараахан төлөвшөөгүй байгаа нь сурвалжлагын явцад анзаарагдсан бөгөөд галерейн эзэд ч энэ тухайгаа хуучилсан нь бий. “Үзэсгэлэн зохион байгуулах, мэдээлэл түгээх, нээлтийн зардал, цаашилбал галерейн байрны түрээс, ажилчдын цалин зэрэг зардлыг зөвхөн худалдааны ашгаас олоход одоохондоо хүндрэлтэй. Учир нь манай уран бүтээлчид голдуу урлангаасаа зургаа худалдаад сурчихсан. Эсвэл цуглуулагч, зураг авах гэж буй хүн өөрөө урланг зорьж очдог. Үзэсгэлэн гаргасан ч буусан хойно нь зураачтай өөртэй нь холбогдоод хувиараа авчихдаг. Гэтэл тухайн уран бүтээлчийн түүх, замнал, бүтээлийн үнэлэлт, дүгнэлтийг хэлж, тайлбарлаж, зураг авах гэж буй хүнд туслах мэргэжлийн хүн заавал байх ёстой. Цаашлаад тухайн уран бүтээлчийг томоохон урлагийн наадам, биенналд оролцуулах, хилийн чанадад үзэсгэлэн зохион байгуулах ажлыг олон улсын жишгээр галерей хийж явдаг. Гэхдээ худалдан авагч, зураач хоёрын шууд харилцааг үгүйсгэж байгаа юм биш, гол нь энэ төрлийн харилцаа ашигтай мэт харагдавч зураач, уран бүтээлчийн нэр хүндийг өсгөх, алдаршуулахад ямар ч нөлөөгүй" хэмээн 976 галерейн захирал Б.Гантуяа ярив. Хэдийгээр 976 галерейн орон зай мөн л хаагдсан ч нэрээ хадгалж үлдэн, дүрслэх урлагийн төслүүдийг хэрэгжүүлж, үзэсгэлэнг гаргах ажлаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм.Тэгвэл Б.Жаргалан “Гадны галерейнууд зураачидтай зөвхөн галерейгаар нь дамжуулж бүтээлээ зарах зэргийг тусгасан хатуу гэрээ хийдэг. Харин Монголын зах зээл жижиг учраас тиймэрхүү гэрээ байгуулах боломж хомс. Тиймээс галерейн дэргэдэх уран бүтээлчдээ жилдээ нэг үзэсгэлэн гаргах зэрэг шаардлага л тавьдаг байсан" гэсэн юм. Тэдний дэмжиж байсан уран бүтээлчдийн нэг Б.Бадрал найзтайгаа хамт урлан хөлсөлдөг аж. “Галерейтай албан ёсоор хамтарч ажиллаж байхад бүтээлээ хийх урлантай, гадна, дотны хүмүүстэй холбогдох давуу талтайн дээр үзэсгэлэнд тогтмол оролцдог байсан нь олзуурхууштай. Юутай ч сайн дэглэлт, зохион байгуулалттай үзэсгэлэн зохион байгуулж, бидний бүтээлийг хангалттай хэмжээнд борлуулдаг бол тун зүгээр” гэсэн бодолтой. Орчин үеийн жишигт нийцсэн галерейг байнгын орон зайтай байлгаж, ашигтай ажиллуулахад тухайн орны эдийн засгийн байдал ч чухлаар нөлөөлдгийг дээрх хүмүүс тодотгосон юм. Яг одоогийн цаг үед гэхэд аль ч салбарт хүндрэлтэй байгаа ч түр хугацааны үзэсгэлэнгүүдийг музей эсвэл өөр газрын орон зайг түрээслэх замаар гаргах нь хамгийн оновчтой хувилбар гэсэн гарцыг тэд олоод буй.



Уран бүтээлчдийн баталгаа болох нь

Германы Мюнстер хотод ажиллаж, амьдардаг зураач Ц.Ган-Эрдэнийн хувьд Германд төдийгүй Европт танигдаж эхэлж буй уран бүтээлч. Германы Веслин хотын захиргаанаас зохион байгуулж, Европын 1000 гаруй уран бүтээлчийн уран зураг, гэрэл зураг, орон зайн урлаг, уран баримал төрлөөр оролцсон уралдаанд түүний “Усны дусал” зураг гранпри хүртсэн. “Галерей бол уран бүтээлчийн менежментийг хийж, авч явдаг гол газар. Ер нь мэргэжлийн уран бүтээлчид галерей­нуудтай л хамтран ажилладаг. Тогтсон жишгээр галерей тухайн бүтээлийн орлогын 50 юм уу 60 хувийг авдаг ч үүнийхээ хариуд тэр хүний зургийг маш өндөр үнээр зарж, нэр хүндтэй болгон, уран бүтээлчийн тав тухыг хангадаг. Жишээлбэл, Испанид нэг үзэсгэлэнгээ гаргахаар болоход тийшээ нисэх, байрлах буудал, урилга хэвлэх, түүнийг тараах, телевиз, сонины ярилцлагууд гээд бүх зүйлээр ханган бэлтгэж, маш сайн зохион байгуулалттайгаар уран бүтээлчдэд үйлчилдэг. Санаа зовох зүйлгүйгээр зөвхөн уран бүтээлдээ л анхаарлаа хандуулан чанартай, сайн ажил хийх нөхцлийг хангаж өгдөг” гэсэн юм. Олон улсын жишгээр бүтээлийн орлогын 50 хувийг галерей авдаг бол Монголд энэ нь 20-40 хувьтай аж.

Олон улсын түвшинд танигдсан томоохон уран бүтээлч болох М.Эрдэнэбаяр мөн л хилийн чанад дахь галерейтай хамтран ажилладаг туршлагатай нэгэн. Хонконгод төвтэй “Asian art news” урлагийн сэтгүүл 2009 оны нэгэн дугаарын хавтсаа түүний ажлаар чимэглэж, куратор, урлаг судлаач Иан Финдли Браун бүтээлийх нь талаар томоохон нийтлэл гаргаж байсан юм. Зураач М.Эрдэнэбаяр болон түүний эхнэр, зураач Ж.Мөнхцэцэг нар Тайландын "Teo+Namfah" галерейтай 2006 оноос хойш хамтран ажиллаж буй. “Галерейнууд гаргадаг үзэсгэлэн, дэмждэг, хамтардаг уран бүтээлчдээрээ ялгаатай. Зэрэглэл нь ч өөр, өөр. Тэгэхээр сайн галерейтай хамтарч ажиллана, тэнд үзэсгэлэн гаргана гэдэг уран бүтээлчийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. Нөгөө талаар сайн үйл ажиллагаатай, том галерей эргээд уран бүтээлчийг хөгжүүлдэг гэж хэлж болох юм. Яах вэ, урлангаасаа бүтээлээ худалдаж болно л доо. Гэхдээ уран бүтээлч хүн өөрөө бүтээлийнхээ тухай ярьж, үнэлж, худалдаалж зогсоно гэдэг жаахан инээдтэй л хэрэг юм. Гэтэл галерейгаар дамжуулна гэдэг нэр хүндтэйн дээр чанар чансааг нь илтгэнэ шүү дээ. Түүнчлэн үнэлгээг нь ч галерей хамгийн оновчтойгоор тогтоож өгч чадна. Харж байхад манай зарим уран бүтээлч дуудлага худалдааны үнэ зэргийг харчихаад л би тэрнээс дутах ёсгүй ч гэдэг юмуу хэт өндөр үнэ тогтоох явдал байна. Тэгснээ бэлэн мөнгө хэрэгтэй болмогц өнөөх үнээ хэд дахин буулгаад авах гэсэн эхний хүнд өгчих жишээтэй. Энэ бол уран бүтээлчдийн буруу биш, галерей, урлагийн менежментийн орон зай дутагдсаных” хэмээн М.Эрдэнэбаяр өгүүллээ. Тэдний онцолсноор мэргэжлийн, мэдрэмжтэй, чадварлаг галерей болон тэдэнтэй харилцах уран бүтээлчдийн итгэлцэлийг төлөвшүүлэх нь хамгийн чухал нөлөөтэй аж. “Галерей болон уран бүтээлчийн хооронд итгэлцэл оршиж байж тогтвортой үйл ажиллагаа явагдана” хэмээн Ц.Ган-Эрдэнэ хэлсэн. Тэгвэл зураач М.Эрдэнэбаяр “Галерейн үйл ажиллагаа тухайн орны эдийн засагтай маш мэдрэмтгий уялдаа холбоотой. Эдийн засаг сайн бол галерейн үйл ажиллагаа нь жигд явагддаг” гэдгийг тодотголоо.



Үнэ цэнийг бүтээх нь


Олон нийтэд чиглэсэн галерейнуудаас гадна цуглуулагчдын санд түшиглэсэн хувийн галерей ч манайд цөөнгүй. “Бадамханд” галерей, “Элбэг арт” галерейгаас эхлээд MCS, “Петровис”, Хаан Банк зэрэг томоохон байгууллагууд дүрслэх урлагийн бүтээлүүдийг худалдан авч уран бүтээлчдийг дэмжихийн зэрэгцээ дотор нь ажиллаж буй хүмүүс, үйлчлүүлэгчиддээ урлагийн таашаал өгч, тухайн бүтээлийг улам үнэ цэнэтэй болгож байдаг. Өөрөөр хэлбэл, урлагийн бүтээл нь зөвхөн бүтээгчээ илэрхийлж, үзэгчдийн оюун санаа, мэдрэмжийг хөглөхөөс гадна үнэ нь он цаг өнгөрөх тусам нэмэгдсээр байдаг өмч хөрөнгө болдгийг онцлууштай. Заримдаа тэрхүү үнэт өмч хилийн чанадад Монголын сурталчилгаа, нэрийн хуудас болдгоороо аялал жуулчлалд хүртэл сайнаар нөлөөлдөг. Тиймээс галерей гэдэг зөвхөн хувь сонирхол, зарах борлуулах үйлээр хязгаарлагдахгүй, өргөн цар хүрээтэй, онцгой нарийн мэдрэмж хийгээд ур шаардах ажил гэж хэлж болно. Харин үр дүнд нь үзэгчид, уран бүтээлчид, цуглуулагчид хоорондоо холбогдож, том зургаараа тэр нь үнэ цэнэ, нэр хүнд, түүхийг бүтээдэг байх нь.


Нийтлэлч Б.Эгшиглэн