Бодит байдлаа алдахуй, олохуй



Бодит байдлаа алдахуй, олохуй 

Ковид-19 хаа сайгүй дэгдсэнээс хойш, чухамдаа энэ вирус тэгсхийгээд өнгөрөх зүйл биш гэдэгт дэлхий дахин бат итгэснээс хойш лав л дөрвөн сар өнгөрчээ. Тоглолт, үзэсгэлэнгийн танхим, театр, кино театрт учран уулзах боломжгүй байсан энэ хэдэн сард урлагийн орон зай бидний, хотын амьдралд хэчнээн чухал болох нь илэрхий байлаа. Урлаг гэлтгүй бүх л салбар, дэлхийн аль ч улс буцаж “хэвэндээ орохгүй”, нөхцөл байдал эргэлтгүйгээр өөрчлөгдсөн тул түүнд нийцүүлэн хувьсан өөрчлөгдөж, шинэ чадвар, арга барилд суралцах хэрэгтэй хэмээн шинжээчдийн хэлж буй нь нэгийг бодогдуулав. 

Урлагийн бүтээлдээ, туурвих, түгээх үйл явцдаа технологийг оролцуулдаггүй байсан уран бүтээлчид өдгөө дижитал хэлбэрээр туурвиж, бүтээлээ цахимаар түгээх шаардлагатай тулгарсан. Цахимаар толилуулахын давуу тал хэмээхүй нэн түрүүнд хүртээмжийн тухай яригдана. Урлагийн томоохон арга хэмжээ, фестивалиуд цахим орчинд зохиогдох болсон нь урлаг сонирхогчид гэлтгүй нийт үзэгч олны хувьд онц хүндрэлгүйгээр шинэ зүйл үзэж турших, харах өнцгөө тэлэх боломж байв. “Үнэхээр шинэ үзэгдэл байна. Цахим контентын боломжуудын тухай өчнөөн жил яригдаж байгаа ч хүмүүс олноороо сая л үзэж эхэллээ шүү дээ” хэмээн “The Art” сонины эрхлэгч Алисон Коул бичсэнийг энд дурдъя. Цар тахлаас өмнө цахим орчинд нээлттэй байсан үзвэр, үзмэрүүдийг ч олон нийт одоо л олж харж байна. Өмнөх жилүүдэд кино театрт зохиогддог байсан “Алтан өргөө” кино наадам гэхэд энэ жил цахим орчинд арав гаруй мянган үзэгч татаж чаджээ. Урьд нь үзэгчдийн тоо нэг мянга дотор эргэлддэг байв. 

Виртуалаар музей үзэх боломжоос монголчууд хоцроогүй. “Гэрээсээ музейд” төслийн багийнхан Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатар хотын музейн голлох танхим, сонирхолтой үзмэр, баримтуудыг танилцуулсан нь үнэ цэнтэй туршлага болсон болов уу. Дотоодын гэлтгүй гадаадын иргэдийг татах, тэдэнд үүх түүх, соёлоо танилцуулахад хэрэгтэй, ер нь цаашид илүү нарийн боловсронгуй болгоод байнга хэрэгжүүлэхүйц ажил.   

Монголын Урлагийн Зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулсан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам дээрх жишгийн дагуу цахимаар үзэгчдэд хүрч, өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. “Зэрэглээ” сэдэв дор зохиогдсон медиа урлагийн наадмыг Дарма Дэлфи (Голланд), Ж.Дархижав, Гаваа Лундаа, У.Нарбаясгалан нарын уран бүтээлчид “Эрчим” бүтээлээрээ нээсэн. Амьдралд хүн бүр тус тусын, өөрийн гэсэн тусгалаа олохын төлөө явдаг ч үнэн хэрэгтээ бидний зам мөр нэгэн үзүүрт зангилагдаж, амьдрал гэдэг маань сэрэл мэдрэмжээрээ, цугаараа туулах учиртай лабиринт юм биш үү гэж уг видео, медиа инсталяцийг үзэх зуур бодогдсон. Тулгарч туулах бүхий л ээдрээ эцсийн дүнд замаа олоход зориулагдсан мэт. Дорнын ёсоор жил бүр хүмүүний энергийн суудал өөрчлөгддөг, өөрөөр хэлбэл, өөр өөр эрчимд зохилдож амьдардаг. Энэхүү сонирхолтой зүй тогтлыг ажигласнаа Хамрын хийдийн давтагдашгүй эрчимтэй хослуулсан нь “Зэрэглээ” ажээ. Бидний байнгын хэмээн хүлээн авсан бодит байдал үнэндээ үргэлжид хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Овоорч бужигнасан манай нийгмийн амьдрал, тодруулбал Ковид-19-өөс өмнөх бидний амьдрал говийн зэрэглээ мэт замхрах уу? Цаана нь ямар байдал бодит болох вэ?  

Наадмын хүрээнд “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдэвт хэлэлцүүлэг болж, чиглэл чиглэлийн уран бүтээлчид өнөөгийн нөхцөлд урлагийн цахим контент хийхийн ашигтай болон амаргүй талуудыг хэлэлцсэн. Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, “Плэйтайм” хөгжмийн наадмын захирал Ц.Нацагдорж, DJ OG буюу О.Ганболд, саяхан “Зэргэлдээ” үзэсгэлэнгээ “MN17” галерейд толилуулсан медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, “Алтан өргөө” кино наадмын захирал Ш.Ихбаяр, “Гэрээсээ музейд” төслийн багийн гишүүн Л.Анударь нар бүтээлээ цахим орчинд байршуулахтай холбоотойгоор үүсэж буй гол бэрхшээл нь түүнээсээ хэрхэн орлого олох вэ гэдэгт байна хэмээн санал нийлэв. Монголд, нэн ялангуяа, уран бүтээлчдийн контентыг төлбөр төлж үзэх соёл хараахан хэвшээгүй тул өнөөгийнх шиг нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд урлаг соёлын салбарынхныг заавал төрөөс дэмжих ёстой хэмээн ахин дахин онцолж байв. 

Наадмыг хаан, Герман, Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Овоо”-г “White Rock” төвд толилуулав. Медиа уран бүтээлч Али М.Демирел, Б.Бат-Эрдэнэ, хөгжмийн зохиолч, продюсер Б.Эрдэнэбат нарын эл бүтээл Монголын анхны 360o медиа уран бүтээл юм. Берлинд оршин суудаг Али Демирелийн өвөрмөц зохиомж, хийц хөгжимтэй хоршин үзэгчдийг  “нүцгэлж” төрөлх зөн совин, дотоод оршихуйг ил гаргаад, бид байгалийн амьтан юм гэдгийг дахин сануулсан. Үүгээр наадам өндөрлөв. 

Монголын урлагийн зөвлөл медиа урлагийн наадмаа сүүлийн гурван жилийн турш Нидерландын “TodaysArt” олон улсын медиа урлагийн наадмын захирал Олоф Ван Виндений дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй. Олон улсын томоохон наадамтай хамтарна гэдэг монголчууд цаашид илүү олон орны уран бүтээлчидтэй туршлага, уран бүтээлийн хур шимээ хуваалцана гэсэн үг. Нөхцөл байдал ямар ч бай, ирэх жил монгол уран бүтээлчид "Улаанбаатар” медиа урлагийн наадамд оролцохдоо илүү арвин олз, туршлагатай ирэх нь лав биз ээ. Та бүхэн маскаа зүүгээрэй. 

                                                                                                          Нийтлэлч П.Номинбилэг