“БИ ЧАДНА” урлагийн боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна
Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь 2003 оноос хойш хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, кино урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, залуучуудыг хөгжүүлэх, тэднийг өөртөө итгэлтэй, нээлттэй харилцаатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Би Чадна” урлагийн боловсролын төслийг санаачлан, мэргэжлийн уран бүтээлч, боловсролын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж ирсэн билээ.
Энэ удаа МУЗ нь Соёлын яамны санхүүжилтээр Нийслэлийн Сувиллын 10-р цэцэрлэгтэй хамтран “Би Чадна” урлагийн боловсролын төслийн урлагаар анагаахуй сургалтыг эцэг эх, хүүхэд багачуудад зохион байгуулж байна. Уг төслийн хүрээнд МУЗ нь оюуны ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, тэдний чадавхид тохирох дүрслэхүй урлагийн цахим сургалтын агуулгийг боловсруулж, шаардлагатай сургалтын хэрэгслийг бэлтгэн гэрээр хүргүүлэх бөгөөд эцэг эхчүүдэд сургалтын агуулга, арга зүйн мэдлэгийг цахимаар олгож, тэднийг хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг хөгжүүлэх юм. Төслийн үйл явцыг баримтжуулан, эцэг эх, багш сургагчдаас судалгаа авч, төслийн үр дүнг үнэлнэ.