Баянхонгор аймгийн соёл урлагийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын урилгаар Баянхонгор аймгийн соёл урлагийн салбарын мэргэжилтэн, багш, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох замаар хамтран ажиллах боломжийг судлах зорилготой хоёр өдрийн сургалтыг 2013 оны 1-р сарын 28-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дүрслэх урлаг, хөгжим-дуу, бүжиг, соёлын өвийн чиглэлээр зохион байгуулагдсан тус сургалтанд Баянхонгор аймгийн болон ойролцоох сумдын 170 гаруй уран бүтээлч, соёл урлагийн байгууллагын ажилтан, ЕБС-ийн багш нар хамрагдсан болно.
Сургалтыг МУ-ын “Морин хуурын чуулга”-ын удирдаач, хөгжимчин Д.Түвшинсайхан, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын бүжиг дэглээч, багш Д.Энхгэрэл, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны зураач, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн Х.Ууганбаяр, “Чойжин Ламын Сүм Музей”-н боловсролын ажилтан Насанжаргал, МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, МУЗ-ийн Олон нийтийн урлагийн боловсролын захирал Х.Оюундарь нар удирдан явуулав.
Тус үйл ажиллагааны хүрээнд МУЗ-ийн төлөөлөл, багш нар нь Баянхонгор аймгийн соёл урлагийн байгууллагуудтай танилцах, тэдний хэрэгцээг судлах зорилгоор аймгийн Боловсрол Соёлын Газар, Хөгжимт Драмын Театр, “Тэмүүжин” хүүхэд залуучуудын театр, Музей, Номын Сан, Хүүхэд Хөгжлийн төвд зочлон, үйл ажиллагаатай танилцав.