Дүрст мэдээ

1-р сар 27, 2015

Агула цомог дэлхийн зах зээлд албан ёсоор гарлаа!


Монголчуудын оюун санаа, өв соёлын илэрхийлэл болох морин хуур, хөөмий, ятга хөгжмийн хөг аялгууг төгөлдөр хуур, нарийн бүрээ, аргил хийл, цохивор хөгжимтэй хослуулан орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлийг бүтээж дэлхийн зах зээлд гаргах зорилготой "Агула" Швейцарь Монголын хамтарсан хөгжмийн төслийг Монголын Урлагийн Зөвлөл 2013-2014 онд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн билээ.


Төслийн нэрийг Монгол, Швейцарийн мөнх цаст уулсыг бэлэгдэн "Агула" буюу уйгаржин бичгээр уул хэмээн нэрлэсэн бөгөөд олон улсад Монгол хэл, түүний илэрхийлэлийг сурталчлах зорилгоор ийнхүү нэрлэсэн болно. Агула төсөл нь Монголын "Арга Билэг" хамтлагийг дэлхийн чадварлаг Швейцарийн "Хенрих Кайзег" хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл туурвих боломжийг олгож, Монгол уран бүтээлчдийн дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрээ орууллаа.

Уг төслийн хүрээнд "Арга Билэг", "Хенрих Кайзег" хамтлагийн 12 уран бүтээлч 2014 онд хамтран ажиллаж, 10 шинэ хөгжмийн бүтээлийг бүтээж 2014 оны 5-р сарын 29, 30-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт нийт 1000 гаруй үзэгчдийн хүртээл болгосон.


Төслийн хүрээнд "Агула" цомгийн бичлэгийг Монгол дах "White Arch" дуу бичлэгийн студид 2014 оны 6-р сард хийж, дэлхийн стандартад нийцсэн чанарт хэвлэн олон улсын зах зээлд нийлүүлэх ажлыг Монголын Урлагийн Зөвлөл Швейцарийн "Musiques Suisses" студитэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлээ. Энэхүү гэрээ нь Монголын Урлагийн Зөвлөл Монгол уран бүтээлчдийг төлөөлөн олон улсын хөгжмийн студитэй байгуулсан анхны гэрээ болж, Агула цомгийн зохиогчийн эрхийг олон улсад хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн.


Агула төсөл нь үндэсний уламжлалт өв соёл, ардын хөгжмийг орчин үеийн хөгжмийн чиг хандлага хөгжил дэвшилтэй нийцүүлэн хөгжүүлж Монгол улсын нэрийг дэлхий дахинд таниулан сурталчлах зорилгоор Агула цомгийг биет болон цахим хэлбэрээр iTunes, Amazon, Spotify зэрэг нийт 20 гаруй онлайн сувгаар 2015 оны 2-р сарын 3-наас худалдаалагдах бөгөөд цомгийн дэлхийн нээлтийг мөн өдөр Швейцарь улсад зохион байгуулж, улмаар Цюрих, Луцерн, Винтертур зэрэг таван хотоор аялан тоглолтыг зохион байгуулах гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл тус цомгийн Монгол дахь албан ёсны нээлтийг 2015 оны 2-р сарын 26-ний өдөр "Be" Төвд зохион байгуулна. Энэхүү нээлтэнд "Арга Билэг" хамтлаг цомогт орсон бүтээлүүдийн дээжээс тоглож сонирхуулна.