Дүрст мэдээ

9-р сар 04, 2020

“АВДРАА УУДАЛ” найруулагчийн ур чадварын сургалт

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) нь 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын чухал зорилгуудын нэг нь залуу уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, хойч үеийн кино уран бүтээлчдээ бэлтгэхэд хувь нэмэр оруулах явдал билээ.

2020 онд УБОУКН нь Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Франц улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр Гуру Медиа, “TEAM Тийм” ТББ-тай хамтран кино урлагийн салбарт тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй, авъяас, сонирхолтой залуу найруулагчдыг чадавхижуулж, бүтээлээ туурвихад нь туслах зорилготой “UB Film Lab” хөтөлбөрийг зарлаж байна.

“UB Film Lab” хөтөлбөрийн зорилго:

- Монголын шинэ үеийн залуу найруулагчдыг бэлтгэх замаар үндэсний кино урлагийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах

- Залуу найруулагчдад олон улсын хэмжээнд сонирхол татахуйц, уран сайхны өндөр түвшиний бүтээл туурвихад туслах, дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

- Өнөөгийн Монголын нийгэм, соёл, хүмүүсийн сэтгэлгээг өвөрмөцөөр илэрхийлсэн бүтээл туурвих сонирхолыг залуу уран бүтээлчдийн дунд түгээх.

Хөтөлбөрийг кино найруулагч Сахъягийн Бямба удирдан явуулах ба урилгаар олон улсын туршлагатай болон шинэ залуу найруулагчидтай 4-5 удаагийн цахим мастер класс сургалт хийнэ.

“UB Film Lab” хөтөлбөрийн бүрэлдэхүүн:

- Танхимын ба цахим сургалт (Кино урлагийн тухай суурь мэдлэг, кино бүтээх үе шатуудыг судлах)

- Кэйс судалгаа (Уран бүтээчдийн бүтээлтэй танилцах, задлан шинжлэх)

- Богино хэмжээний бүтээл туурвих (Оролцогчид өөрсдийн кино төслөөр бүтээл хийх)

“UB Film Lab” хөтөлбөрийн хугацаа:

- Танхимын сургалт – 2020.09.21-10.25-ны хооронд, долоо хоногийн 3 өдөр, өдөрт 3-4 цаг хичээллэнэ.

- Богино хэмжээний кино бүтээх – 2020.10.25-11.30-ны хооронд

“UB Film Lab” хөтөлбөрийн оролцогчийн тоо:

- 10-12 залуу найруулагч оролцоно.

“UB Film Lab” хөтөлбөрт оролцохыг хүссэн залуу найруулагчдад тавигдах шаардлага:

- Кино урлагийн салбарт тууштай ажиллах хүсэл эрмэлзэл, авъяас сонирхолтой байх,

- Ямар нэгэн бакалаврын түвшиний суурь боловсролтой байх,

- Кино зохиолын товч хувилбар, төслөө боловсруулсан байх,

- Сургалтанд санаачлагатай, бүрэн гүйцэтгэлтэй, тасралтгүй оролцох,

- 30 хүртэлх насны байх,

- Төслийн санаа нь бусдын бүтээлээс хэсэгчилэн болон бүхэлд нь ашигласан, хуулбарласан зэрэг зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.

Богино хэмжээний кино бүтээх үйл явц, дэмжлэг:

- Сургалтын хураамж 500,000 төгрөг бөгөөд энэхүү хураамжийн хуримтлал нь сургалтын явцад боловсруулж дууссан 5 шилдэг төсөл тус бүрт 1,000,000₮-ийн санхүүжилт уран бүтээлийн дэмжлэг болж оролцогчдод олгогдоно.

- Шилдэг төслийг удирдагч багш болон оролцогчид өөрсдөө нууц санал хураалтаар сонгон шалгаруулна.

“UB Film Lab” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

- Өргөдлийн маягтыг  shorturl.at/BKQ09 бөглөн, 2020 оны 9-р сарын 14-ны дотор education@artscouncil.mn хаягаар илгээнэ.

- Оролцогчдын сонгон шалгаруулалтыг 9-р сарын 15-17-ны өдрүүдэд хийнэ.

- Өргөдлийн хариуг 9-р сарын 17-ны өдөр утсаар мэдэгдэнэ.

- Сургалт 9-р сарын 21-ны өдөр эхэлнэ.

- Ирүүлсэн материалыг үндэслэн 10-12 оролцогчийг сонгон хөтөлбөрт хамруулна.

- Хөтөлбөрт тэнцсэн оролцогч кино бүтээх хураамжийг төлнө.

Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн 319017, 319015 утсаар болон https://www.facebook.com/UBIFF... хаягаар холбогдоно уу.

Авдрын зураг: зураач Б.Мөнхцэцэг